Showing posts with label Г.Аюурзана. Show all posts
Showing posts with label Г.Аюурзана. Show all posts

Monday, February 6, 2012

Амьдарч амжих


Огторгуйд хөөрсөн бүх шувуу солонго болохоос өмнө,
Ой санамжаа гээхээсээ өмнө,-
Ондоон гарагаас айсуй солирын чимээ бүдгэрэхээс өмнө,
Сүнсний үүдийг нээхээсээ өмнө,-

Нисч нисч газар буусан навчис гишгэгдээд
Нэг их сайхан цагаан цэцэг болон дэлгэрэхээс өмнө,
Үс чинь тэр дунд ойчихоос өмнө,-
Гэнэтхэн сархийтэл асгарсан бороо
Эргээд үүл болохдоо
тэнгэрт зүгээ алдаж төөрөхөөс өмнө,
Зүс чинь хийсч гандахаас өмнө,- 

Зүүд тэр аяараа их хотыг нөмөрч
байшин бүрийг нил ягаанаар будаад,
Гоёмсогийг нь мэдрүүлэхээр зэрвэс гэрэл тусгахаас өмнө,
Хэн нэгэнтэй ширтэлцэж гүйцэхээсээ өмнө,-
Зүрх зогсох мэт машины хөдөлгүүр унтарч,
Аниргүй харанхуйд тэнүүлч муур л биеэ сэгсрэхээс өмнө,
Бохио залгитлаа уруулын будаг шимэхээсээ өмнө,-

Амьдарч амжих... амжиж амьдрах

Үдэш мандсан бүгээн сар гэрлээ нэмсээр
наранд хувилахаас өмнө,
Үг хоолой дээр чинь гацахаас өмнө,-
Өглөөг зарласан оддын бүдгэрээ
бүрмөсөн цайж дуусахаас өмнө,
Өтлөхийн хэрээр сэтгэл чинь царцахаас өмнө,-

Хэзээ нэгтэй уншсан үлгэрийн шидэт баатрууд
Морьдоо эмээллээд,
жаргалтай мөрөөдлөөс чинь давхилдан одохоос өмнө,
Ганцаардахаасаа өмнө,-
Хийц нь уран чулуун бэлзэг
Гунихын аясыг даалгүй турсан хуруунаас аяндаа сугарч,
Шалан дээр унаад,
өнхрөх чимээ ч гаргалгүй бутран үйрэхээс өмнө,
Энэ юуны дохио болохыг эргэцүүлэхээсээ өмнө,-

Амьдарч амжих... амжиж амьдрах

Thursday, January 19, 2012

Дамдинсүрэнгийн Урианхай


Гунихруу талын элгэнд ганц шувуу эргэх нь ч уйлах шиг Гадаа жалгын эхэнд чөдөртэй морь үүрсэх нь уйлах шиг... Монголын яруу найрагт Дамдинсүрэнгийн Урианхай хэмээх нэгэн ертөнц бий. Хэлхгэр дээл өмсчихөөд, сахал үсээ цантуулан алхаж яваа нь Улаанбаатарын өвлийг чимдэг.

Wednesday, December 7, 2011

Г.Аюурзана: Япон яруу найраг дахь Зэн-буддизмын сэтгэлгээний гайхамшиг

Зэн-буддизмыг монголчууд эртнээс сайн мэднэ. Элдвийн ном сударт шүтэхгүй, тогтсон ёс горимд хашигдахгүй, нэг л үзлийг хөдөлбөргүй баримтлахгүй байх зэрэг зарчим нь Нагаржунайн төв үзэлтэй агаар нэг. Хорвоо ертөнцийг "тийм" ба "үгүй" гэх хэтийдсэн үзлээр бус, харин "тийм ч бус, үгүй ч бус, гагцхүү тийм үгүйн тэнцүү хувиар шүтэн барилдсан" гэдэг хоосон чанарын тухай үзэлөнөөдөр ч дэвшилтэт үзэл юм. Зэн гэдэг япон дуудлага бөгөөд түвдээр дьян, хятадаар чань, монголоор даяан гэдэг. Даяан хийхийн гол утга учир нь дотоод ертөнц рүүгээ маш гүнзгий нэвтэрч, төрөлх мөн чанараа таних, түүгээрээ дамжуулан хорвоогийн утгыг олж сэрэх явдал. Хорвоогийн утга учир юу болохыг сэрж танина гэдэг бол гэгээрэл билээ.

Friday, October 14, 2011

Г.Аюурзана: Би шагнал бодож явдаг хүн биш

Энэ ярилцлагын өмнөтгөлд юу бичихээ үнэхээр мэдэхгүй байна. Мэдэхгүй гэж хэлсэнд уучлаарай. Энэ хүний номыг уншдаг, үзэл бодол, амьдралыг нь сонирхдог хүмүүс олон бий. Тэдний өмнөөс чадах ядахаараа л хэдэн асуулт тавилаа. Цааргалж, дургүйцээгүй Аюур ахад баярлалаа.
-Таныг саяхан нэг тэмцээн билүү уулзалт, цуглаанд яваад ирсэн гэж дуулсан. Энэ талаараа ярихгүй юу. Нөгөө жил бүр очдог Айовагийн их сургууль руугаа яваад ирсэн үү, эсвэл...
-Аа, Македонд болдог Struga Poetry Evenings хэмээх яруу найргийн их наадамд явсан тухай “Өдрийн сонин”-д тэмдэглэл нийтлүүлснийг хэлж байх шиг байна. Олон улсын шүлгийн тэмцээн гэж байхгүй шүү дээ. Янз янзын хэлтэй яруу найрагчид уралдаад, нэг нь түрүүлж байвал ёстой онигоо болох байлгүй.

Г.Аюурзана - Философийн шvлгvvд


1990-ээд оны эхэн үеэр багагүй шуугиан тарьж байсан “Хүрээ хөвгүүд” бүлгэмийнхэн сэтгэлгээний эрэл хайгуул хийсэн өвөрмөц бичлэгүүдээрээ тухайн нийгмийн цөөнхи сэхээтнүүдийн сонирхолыг асар татаж байжээ.

Ингээд Хүрээ хөвгүүдийг үүсгэн байгуулагчийн нэг Г.Аюурзаны Философийн шүлгүүдээр цувралаа төгсгөе.

“Хорвоо ертөнцийг миний нүдээр ажиж чадах хэн нэгнийг би хүлээдэг...” Г.Аюурзана 

Friday, September 23, 2011

Г.Аюурзана:Дахин дахин эргэж уншдаг ном гэж надад байхгүй


Зохиолч, орчуулагч Гун-Аажавын Аюурзанатай ярилцлаа. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолооор шагнагдсан юм. 

Монголын топ 5 найрагч

Олхонуд Д.Баярхүү хэмээгч эрхэм “Цаг төр” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ “Урлаг, утга зохиол нь хөгжиж байгаа орон сөнөдөг” хэмээн айлджээ. Тэр эрхмийнхээр бол, манай урлаг, утга зохиол маш сайн түвшинд хүрчихээд, чухам түүнээс болоод л төр засгийн эрхэнд байгаа нөхөд маань мангуурч, хамаг хөрс шороогоо сэндийчиж гол мөрдөө ширгээж, авлига шуналд автаж, ард түмнээ туйлдуулаад байгаа бололтой юм аа.“Хүн мэдэхгүй юмныхаа дайсан” гэж нэг айхтар голч үг бий. Урлаг, утга зохиолыг мэргэжлийн түвшинд нь хардаг хүнд бол манай соёл урлаг улсаа сөнөөхөд хүртлээ айхтар хөгжсөн юм даанч байхгүй. Долоо хоног бүр нийтийн дууны шинэ хит гараад, орой бүр хошин шоу тоглогдоод, энд тэнд тайзны шүлэгчид концерт тоглоод байхаар Д.Баярхүү гуай урлагийн хөгжил оргилдоо хүрч байна гэж ойлгосон бололтой. Харамсалтай нь, доод масст зориулагдсан, мөнгөний шоу л олшроод байгаагаас биш, жинхэнэ урлаг маань ёстой л сөнөчихөөд байна. Тэгээд ч хэрэв зээ дээд урлаг маань хөгжиж байсан сан бол, юун улсынхаа нүүр царайг гутаах, харин ч сэндийлж хаясан газар шорооноос илүү Монголын нэрийг дэлхийд мандуулах байлаа.