Өмнө нь Б.Галсансүхийн шүлгүүдийг янз бүрийн үед тасархай тасархай байдлаар нь сониноос голдуу уншиж гайхахдаа гайхаж, бахдахдаа бахдаж явлаа. Шинэ гарсан номыг нь сая бүрэн бүтнээр нь уншив. Түүний бүтээлийг учиргүй муулж голсон, эсвэл үеийнхэн нь голдуу ам булаалдан шагшин магтах тэр үе ард хоцорч байна. Сая л зайнаас үнэлж цэгнэж, бодож дүгнэх боломжтой болов. Тэрбээр Монголын хамгийн, эрэлттэй, ерөөс шинэ хуучин зууны зааг дээр гарч ирэх л үедээ гарч ирж байгаа зүй тогтолт үзэгдэл ажээ. Социализм нуран унаж капитализм гарч ирэх торгон заагт Монголын уран сайхны сэтгэлгээний зөрчил ээдрээтэй энэ үед малчин нүүдэлчний сэтгэлгээ, суурьшлыг шохоорхох олны сонирхол дундаас түүний шүлгүүд амилав. Эзэн Чингисийн өлгий нутгаас, буриад монгол хольцолдмол тийм сонин ахуйгаас эгзэгтэй, эргэлзээтэй энэ үед чухам л Галсансүх л гарах байжээ. Тэр их сонин хүн. Бас их зөрчилтэй. Буддизм Христосын хосолмол шүтлэгт өнөөгийн монгол ахуй, цэвэр дорны орон мөртөө европ сэтгэлгээ, соёлыг оюун санааны эх болгосон энэ л монгол оронд түүний ертөнцийг үзэх үзэл бүрэлдсэн нь илт. Монголчуудын агуу ихийн сэтгэлгээ, үндэсний үзлийн ихэмсэглэл, ядуу ахуй, даржин амьдрал зэрэг зэрэг илрэн гарсан энэ үед тэр яах аргагүй цаг үеийнхээ хүү нь болон төрсөн яруу найрагч юм. Дээр дурдсан бүх шинж түүнд тэнцүүхэн хослон цогцолжээ. Төрсөн цаг үеийнхээ жинхэнэ хүү нь болсон Галсансүх Монголын амьдралын гайхамшигтай, эмгэнэлтэйн давлагаан дунд өнөөгийн Монголын тэргүүн шүлэгч болж чадсан байна.