Tuesday, January 15, 2013

Б.Эрдэнэсолонго Эмэгтэйн тухай яриа(Өгүүллэг)

Нүдний шилтэй хүн бүхэн ухаантай байдаггүй. Нүдний шилгүй хэрнээ ухаантай нэг хүн надад дараах үгийг хэлсэн юм. ”Эрсэн зүйл ямагт хамгийн сүүлд олддог” гэж. 
Эрж эрж, магадгүй хамгийн сүүлд олдсон болохоор би бүсгүйдээ маш их хайртай байдаг юм. Бас яг над шиг царайтай, яг өөр шигээ зантай хүүхдүүд төрүүлж өгсөнд нь би тэдний ээжид хязгааргүй хайртай. Энэ бүхэн анх юунаас эхэлснийг эхлээд өгүүлье. Би үргэлж ямар нэгэн зүйлийг эрж хайж явдаг хүүхэд байлаа. Том болсон хойно ч энэ зуршил маань хэвээр үлдсэн. Ер нь төрөл бүрийн юм олсон доо. Энэ эмэгтэй миний олсон зүйлсээс хамгийн сайхан нь гэдэгтэй одоо ч, хожим ч санал нийлнэ. Эмэгтэйгээ олсны дараа тэр миний үгэнд орохгүй их зовоосон. Хамгийн гол нь надад итгэхгүй байсан юм. Хэдий дургүй ч би түүнд зориулан дуулж, бүжиглэж өгч байлаа. Бас нүдний шил зүүдэг болсон юм. Бага зэрэг ухаантай хүн гэсэн сэтгэгдэл төрүүлэх гэснийх. Бас их зовж байж зөндөө олон алмаазан шигтгээтэй үгсийг түүнд зориулан хаанаас ч билээ олж өгснөө санаж байна. Тэр тэдгээр үгсийг дэрээ задлаад дотор нь хийсэн, түүнийгээ дэрлээд унтдаг юм. Шөнө тэдгээр үгс нь амилаад зүүдэнд нь олон сайхан авиа гаргадаг гэсэн. 
Түүнийг өөрийн болгохын тулд “Хайрлана жаргаана, хэзээ ч, үүрд” гэсэн үгсийг түлхүү хэрэглэж, бараг надтай суувал чамайг нисч сургана ухааны юм ярьж, ярьсны эцэст тэр зөвшөөрсөн. Нисч сургах тухай яриа ч тэгсгээд мартагдсан. Учир нь би өөрөө нисэх байтугай өндөрхөн газар гишгэчихвэл тархи толгой дайвалзаад байдаг юм. Би өндрөөс маш их айдаг. Ашгүй эмэгтэй маань нисэх тухай надаас дахин асууж шалаагүй. Бид түүнээс хойш хэдэн зууны дараа гэрлэж хуримаа хийсэн. Ердийн он тооллоор бол энэ нь хоёр жилийн дараа гэсэн үг. Би энэ өдрийг мөн ч их хүлээсэн дээ.
Түүнтэй танилцсанаас хойш бүх улиралд зун болдог болчихсон юм. Ингээд бид гэрлэлээ. Ер нь гэрлэнэ гэдэг бол эр эм хоёр нүцгэлэн нэг оронд ороод тэнгэрийн өмнө чармай шалдан хэвээрээ тэврэлдээд л хэвтээд байдаг юм байна гэдгийг тэгэхэд л ойлгож авсан. Хүсвэл тэврэлдсэн чигээрээ унтаад өгч болно. Унтаад л байна, нэг орон дотор. Хэрвээ хүүхэдтэй болчихвол тэдэнтэйгээ хамт унтаад л байна. Мэдээж бид өглөө нь тус тусын ажил төрөлдөө явцгаана. Орой ирнэ. Тэгээд л унтана даа. Гэрлэсэн эр, эм хоёрын хувьд “Хэн нь тэвчээртэй унтах вэ?” гэсэн хүнд шалгуурын өмнө сөхөрчихгүй л бол амьдрал хамгийн амттай байдаг байна. Заримдаа эрэгтэй нь өөр газар очиж хононо л доо. Гэхдээ энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй. Хэрвээ ийм явдал даамжирвал эмэгтэй нь маш ууртайгаар “Чи яг одоо хаана унтахаа шийд” гэж эрэгтэйгээсээ шаарддаг юм. Яагаад энэ тухай улиглан яриад байна вэ гэвэл надад бас хэд хэдэн удаа ийм явдал тохиолдсон бөгөөд би “Эмэгтэйтэйгээ л хамт унтана” гэж хэлээд, хэлсэндээ харин ч нэг эр хүн шиг хүрсэн юм.
Манай эмэгтэй бараг дутагдалгүй. Бараг гэсний учир тэр намайг өөр газар урт богино хугацаагаар янз бүрийн ажил төрлөөр яваад ирэхэд (томилолт, хөдөө байдаг аав, ээж дээрээ очих.гм) нэг л сонин болчихдог. Бусдаар бол ямар нэгэн өө сэв байхгүй. Өдөр ч, шөнө ч бүсгүй маань бөөн дуу шуу, гэрэл гэгээ цацруулаад явж байдаг юм. Танай эмэгтэйгээс ч ийм гэрэл гардаг гэдэгт итгэлтэй байна. Би ихэвчлэн багын зуршлаараа ямар нэгэн зүйл хайгаад гэртээ сууж байна. Харин эмэгтэй маань гадагш гарахдаа өөрийн хээнцэр жижигхэн цүнхэндээ миний биеийн өрөөсөн талыг чихэж чихэж багтаагаад, энд тэнд савчуулан барьж явдаг юм. Өглөө гэрээсээ гарахдаа ямар нэгэн зүйл ярьж, ярьсан чигээрээ гараад явчихна. Орой ирэхдээ бас л нөгөө шулганасан юмаа яриад орж ирдэг. Би юуны тухай ярьдгийг нь тэр бүр мэддэггүй ч, яг юу хэлэх гээд байгааг нь хагас хугас гадарладаг юм. Яриаг нь бүрэн ойлгодоггүй хэрнээ түүнтэй ярих их дуртай.
” Тийм үү. Тийм үү” гээд л аманд нь орчих гээд дагаад гүйгээд байна. Зочны өрөөнд, гал тогоонд, бүр жорлонд ороход хүртэл үүдэнд нь нөгөө л “Тийм үү.Тийм үү” гэдгийгээ давтаад зогсч байна. Нэг орой гал тогооны өрөөнд эмэгтэйгээ дагалдан ярьж яваад “Т…” гээд гараа хөдөлгөтөл хураалттай аяга саваа тэр чигээр нь унагаж хагалаад түүнд маш их загнуулж байсан удаатай.
Манай эмэгтэй биднийг (хүүхэд болон намайг) хооллож хувцаслах цэвэр цэмцгэр байлгахад маш их анхаардаг. Бас угаасан хувцсыг надаас сайн индүүддэг юм. Долоо хоногт нэг удаа биднийг тийнхүү сайхан хувцаслаад хотын аль нэг аятайхан хоолны газар дагуулан очиж гэр бүлээрээ халуун яриа өрнүүлэн сууцгаадаг. Гэрлэлтээс өмнө бол би түүнд зориулан маш сайхан хувцаслахыг үнэн сэтгэлээсээ хичээдэг байсан. Харин хуримнаас хойш больсон. Ээж нь түүнд ямар ч эхнэр, нөхрөө өнгөтэй өөдтэй явуулахад анхаарах ёстой гэж хэлсэн гэсэн. Би түүнийг өөр газарт урт богино хугацаагаар янз бүрийн ажил төрлөөр яваад ирэхэд (томилолт, хөдөө байдаг аав ээж дээрээ очих.гм) нэг л сонин болчихдог. Бараг сэтгэцийн өөрчлөлттэй болчихсон байдаг гэхүү дээ. Бэлдсэн бүх цэвэр хувцсыг нь өмсөж дуусгана. Орондоо орж унтахгүй. Сахлаа ч хусахгүй. Хоол маш бага иднэ. Хүлээлт гэдэг ямар нэгэн өвдөлт болохыг тэр үед хүчтэй мэдэрдэг. Тэгээд өвдөж байгаа цаг хугацааг хурдавчлах арга сэддэг. Тэр аргуудын нэгэнд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь их үр дүнтэй юм шиг санагддаг байлаа. Энэ арга бүсгүйд маань огт таалагдаагүй болохоор муу зуршлаасаа салсан. Тэгснээс юмаа бичээд сууж байсан нь хавьгүй дээр гэж тэр хэлсэн.
Тэр бас энэ ертөнцийн бүх эмэгтэй хүн адилхан байдаг тухай надад ярьсан. Өмнө нь би энэ талаар арай өөр бодолтой явсан юм л даа. Бодоод байсан чинь түүний зөв юм шиг санагдаад, энэ сэдвээр бид дахин ярилцахгүй гэж шийдсэн.
Чин үнэндээ түүнийг би эмэгтэй хүн гэж боддоггүй. Эмэгтэй хүн гэдэг үг том хүн гэсэнтэй адилхан сонсогдож байгаа биз. Том хүүхнүүдийг л тэгж хэлдэг биз дээ. Харин тэр надад хараахан том болж амжаагүй дөрөв юмуу, таван настай хүүхэд шиг санагддаг. Учир нь манай эмэгтэй ямагт хүүхэд шиг зан гаргана. Амархан гомдоно. Маш сахилгагүй, ямар нэгэн тэнэг бодол толгойд нь орж ирвэл тэр даруйд нь заавал түүнийгээ туршиж үзэх гэж яарна. Тэгээд тэр нь ихэнхдээ бүтэлгүйтнэ. Бүтэлгүй явдалдаа заавал намайг хамсаатнаар оролцуулах гэж шаардана. Энэ бүхний эцэст бүтэлгүйтсэнийхээ бүх бурууг зөвхөн надаас болсон гэдгийг хилсээр нотлох гэж зүтгэнэ. Хэрвээ тэр оролдлого нь амжилттай болбол хэдэн өдөр ярина. Заримдаа мартамхай. Намайг нэг удаа дэлгүүрт орхиод тэр чигээрээ гэр рүүгээ хаяад явчихсан юм даа. Гэртээ очоод нөхрөө эзгүй байхаар уурласан гэсэн. Бас нэг хэлүүштэй зүйл бол тэр маш зөнч зүүдтэй. Намайг буруу хэрэг хийснийг зүүдэндээ үзсэн, алхам бүрийг чинь би алдалгүй харж байдаг гэсэн яриандаа итгүүлэх шахсан удаатай. Маш их ярина. Заримдаа хэд хоногоор ч дуугарахгүй. Намайг хааш нь ч явуулах дургүй. Үргэлж цуг явах гэнэ. Орхиод явчихаар уйлна. Дагуулаад явахаар уйлснаас ч долоон дор явдал надад тохиолдоно. Ингээд бодохоор би өөрийгөө бас бүрэн том болчихсон хүн гэж үздэггүй юм.
Гэхдээ тэр дандаа хүүхэд шиг байдаггүй. Намайг дагаад уйлж байгааг нь ч хүүхдийн араншин гэж боддоггүй. Нялх хүүхэд эцэг эхээ, хамгийн хайртай хүнээ нөгөө өрөөнд орох төдийд дагаж уйлдаг шүү дээ. Бас дэлгүүр гарах, ажилдаа явах зэрэгт байдгаараа чанга орилон, хааш нь ч явуулахгүй гэж зүтгэдэг. Хагацал яг ийм байдаг. Хагацлыг мэдрэх мэдрэмж тийм байдаг. Магадгүй нөгөө өрөөнд орох, нөгөө ертөнцөд очих хоёр мөн чанарын хувьд адил байж ч болох. Миний нэг танил дэлгүүр орох гэж гараад гэртээ үүрд эргэн орж ирээгүй билээ.
Тэр маш ухаантай. Надад зориулан яг л хоол хийдэг шигээ олон ухаантай үгсийг бодож олсон санагдаж байна. Тэдгээрээс “Амьдралыг, бүр кофены жижиг аягыг ч аль өнцгөөс нь харснаас бүх зүйл шалтгаална” гэсэн үгс надад хамгийн их таалагддаг.
Тиймээс яг одоо би гэрийнхээ аль нэг өнцөгт суучихаад өөрсдийнхөө талаар, саяхан худалдаж авсан унтлагын өрөөний тавилгуудынхаа талаар, хүүхэд болоод өөрийнхөө тухай эргэцүүлэн, энэ бүхнийхээ тал талд нь гараад янз бүрээр хараад сууж байна.
…Ингээд эмэгтэйн тухай яриа өндөрлөж байна. Учир нь түүний яаруу алхаа орцны үүдээр түрүүхэн орж ирээд гуравдугаар давхрын ногоон хаалгыг зүглэн өгсөж эхэллээ.

2 comments:

  1. Minii oilgoh tuwshingees deer bololtoi gehde aaihn bichjee hetruuleg bnaa bn

    ReplyDelete
    Replies
    1. Тийм сүйдтэй юм байхгүйм бишүү? Их инээдтэй хөгжилтөй санагдсан надад бол.

      Delete