Tuesday, January 15, 2013

Б.Эрдэнэсолонго: Зүсүүлсэн нүүртэй...

Салхи зүсэн амьдарна
Салхи шиг зүсүүлж амьдарна
Зүстэй байна, цөстэй байна
Зүсүүлсэн нүүртэй байна
Шартай омогтой байна
Шав шар байна
Шал ногоон байна...
Нулимс зүсэн амьдарна
Нулимс шиг зүсүүлж амьдарна
Нүдтэй байна, шүдтэй байна
Хүчтэй байна, гэхдээ
Уйлж байна, хүнээрээ байна
Уруулсан салхи шиг байна.
Амьдрал зүсэн амьдарна
Амьдрал шиг зүсүүлж амьдарна
Хөнгөн байна, гэнэн байна
Хөөрөн нисч байна
Хөв хөх байна
Хөөс шиг байна
Хөөс шиг сарнисан байна
Надад ирсэн, надад байсан
Надаас явсан хорин нас...

Б.Эрдэнэсолонго: Бороотой цамц

Ус цаваг нэвтлэн
Хучлага зөөлхөн чангааж дусална
Урьд эртний зүүднээсээ 
Сэрээгүй л байна... 
Ноднингийн бороо өнөө зүсэрч
Тэнгэр уйлагнаад л...
Нойтон солонго шиг охин
Манайх руу гүйж санагдана
Зүггүй хөөрхөн нүдээрээ инээмсэглэсээр
Зүүдэн багын тэр минь
Үүдэн цаанаас дуудна.
Зүгээр, орооч гэж би сулхан шивнэнэ
Гэрийн сүүдэрт ном үсэглэх шиг
Гэрэлт өдрүүд нисэн алсрахаас өмнө
Гэнэн хонгор түүнийхээ
Гэзэг үснээс гуниг асгарахаас өмнө
Тэнгэр үнэртсэн бороотой цамцаа
Тэнд галын дэргэд сэврээ гэж хэлнэ ээ.

Б.Эрдэнэсолонго: Ээжээ санана

Ээжээ санана
Ээж ээ , таныг санана
Хавар болохоор санана
Шүд өвдөхөд санана
Өвс ургахад санана
Муу хэлүүлэхэд санана
Муу явахад санана
Сайн явахад санана
Сайнаар хэлүүлэхэд санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана
Гөлөг харахаар санана
Шувуу нисэхээр санана
Үдэш болохоор санана
Зүүд зүүдлэхээр санана
Зүг зүг рүү харахаар санана
Нар гарахаар санана
Сар гарахаар бас санана
Сар гарахгүй байсан ч санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана
Хол явахаар санана
Даарахад санана
Дандаа санана …
Гадаа гудамжинд санана
Ганцаардахад санана
Уур хүрэхээр санана
Нойр хүрэхээр санана
Уйлаад санана …
Намар санана
Зун санана
Насаараа санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана 

Б.Эрдэнэсолонго Эмэгтэйн тухай яриа(Өгүүллэг)

Нүдний шилтэй хүн бүхэн ухаантай байдаггүй. Нүдний шилгүй хэрнээ ухаантай нэг хүн надад дараах үгийг хэлсэн юм. ”Эрсэн зүйл ямагт хамгийн сүүлд олддог” гэж. 
Эрж эрж, магадгүй хамгийн сүүлд олдсон болохоор би бүсгүйдээ маш их хайртай байдаг юм. Бас яг над шиг царайтай, яг өөр шигээ зантай хүүхдүүд төрүүлж өгсөнд нь би тэдний ээжид хязгааргүй хайртай. Энэ бүхэн анх юунаас эхэлснийг эхлээд өгүүлье. Би үргэлж ямар нэгэн зүйлийг эрж хайж явдаг хүүхэд байлаа. Том болсон хойно ч энэ зуршил маань хэвээр үлдсэн. Ер нь төрөл бүрийн юм олсон доо. Энэ эмэгтэй миний олсон зүйлсээс хамгийн сайхан нь гэдэгтэй одоо ч, хожим ч санал нийлнэ. Эмэгтэйгээ олсны дараа тэр миний үгэнд орохгүй их зовоосон. Хамгийн гол нь надад итгэхгүй байсан юм. Хэдий дургүй ч би түүнд зориулан дуулж, бүжиглэж өгч байлаа. Бас нүдний шил зүүдэг болсон юм. Бага зэрэг ухаантай хүн гэсэн сэтгэгдэл төрүүлэх гэснийх. Бас их зовж байж зөндөө олон алмаазан шигтгээтэй үгсийг түүнд зориулан хаанаас ч билээ олж өгснөө санаж байна. Тэр тэдгээр үгсийг дэрээ задлаад дотор нь хийсэн, түүнийгээ дэрлээд унтдаг юм. Шөнө тэдгээр үгс нь амилаад зүүдэнд нь олон сайхан авиа гаргадаг гэсэн.