Friday, October 14, 2011

Шинэ дээл шиг сэтгэлд дасаагүй Галсансүхийн шүлгүүд


    Өмнө нь Б.Галсансүхийн шүлгүүдийг янз бүрийн үед тасархай тасархай байдлаар нь сониноос голдуу уншиж гайхахдаа гайхаж, бахдахдаа бахдаж явлаа. Шинэ гарсан номыг нь сая бүрэн бүтнээр нь уншив. Түүний бүтээлийг учиргүй муулж голсон, эсвэл үеийнхэн нь голдуу ам булаалдан шагшин магтах тэр үе ард хоцорч байна. Сая л зайнаас үнэлж цэгнэж, бодож дүгнэх боломжтой болов. Тэрбээр Монголын хамгийн, эрэлттэй, ерөөс шинэ хуучин зууны зааг дээр гарч ирэх л үедээ гарч ирж байгаа зүй тогтолт үзэгдэл ажээ. Социализм нуран унаж капитализм гарч ирэх торгон заагт Монголын уран сайхны сэтгэлгээний зөрчил ээдрээтэй энэ үед малчин нүүдэлчний сэтгэлгээ, суурьшлыг шохоорхох олны сонирхол дундаас түүний шүлгүүд амилав. Эзэн Чингисийн өлгий нутгаас, буриад монгол хольцолдмол тийм сонин ахуйгаас эгзэгтэй, эргэлзээтэй энэ үед чухам л Галсансүх л гарах байжээ. Тэр их сонин хүн. Бас их зөрчилтэй. Буддизм Христосын хосолмол шүтлэгт өнөөгийн монгол ахуй, цэвэр дорны орон мөртөө европ сэтгэлгээ, соёлыг оюун санааны эх болгосон энэ л монгол оронд түүний ертөнцийг үзэх үзэл бүрэлдсэн нь илт. Монголчуудын агуу ихийн сэтгэлгээ, үндэсний үзлийн ихэмсэглэл, ядуу ахуй, даржин амьдрал зэрэг зэрэг илрэн гарсан энэ үед тэр яах аргагүй цаг үеийнхээ хүү нь болон төрсөн яруу найрагч юм. Дээр дурдсан бүх шинж түүнд тэнцүүхэн хослон цогцолжээ. Төрсөн цаг үеийнхээ жинхэнэ хүү нь болсон Галсансүх Монголын амьдралын гайхамшигтай, эмгэнэлтэйн давлагаан дунд өнөөгийн Монголын тэргүүн шүлэгч болж чадсан байна. 

    Түүний шүлгүүдэд Монголын хот хөдөө хоёр нэг огтлолцол дээр, өрнө дорны сэтгэлгээ, зэрлэг капитализмын үнэр аймаар сэнгэнэх аж. Галсансүх хосгүй бодгаль шинжтэй яруу найрагч. Түүний шүлэглэх арга барил, сэтгэлгээ хэнтэй ч адилгүй. Н.Нямдоржийн 1962 онд хэвлэгдсэн “Онон хатан ижий” гэдэг түүвэртэй ганц нэгхэн талаараа жаахан ойр мэт боловч хэдий ч үеийн, хэний ч шүлэгтэй түүний шүлэг адилгүй. Сэтгэлгээнд нь зээлдмэл, дууриамал юм огт үгүй нь гайхалтай. Буриад ахуйд өсөж эмэг ээжийн хайранд умбаж Дадалын Гурван нуур орчмын улиасан шугуй, Онон, Хэрлэн голд сэлж явсан нь түүнийг хэнтэй ч адилгүй болоход нөлөөлжээ. Өнөө болоход Галсансүхийн шүлгүүдээс иш татаж магтаж муулах огт хэрэггүй болжээ. Өнөөдрийн Галсансүх хэв ерийн магтаал зэмлэлээс дэндүү хол тасарсан ховорхон сэтгэлгээтэй шүлэгч санж. Түүний хэлснээр “Сайн шүлгийг уншихад солиотой, сонирхолтой, сайхан” байдаг тэр жам хууль бүх уран бүтээлд нь хамаатай. Тэр их замд гарсан аялагч, зайгуул жуулчин шиг нэг газарт тогтохоо болиод яваад л, яваад л, мөрөөдөөд л, бахархаад л, гуниад л, нулимс дуслуулаад л, бас гайхашруулаад, гашуунаар ёжлоод, тэгснээ тэсвэр алдан хэлэх хэлэхгүй үгээр хараал тавьж ч мэдэх. Гэхдээ л ямагт урагшаагаа тэмүүлсэн яруу найрагч юм. Аргагүй л ясны шүлэгч, тэвчишгүй шинэчлэгч, шинэд зай завсаргүй тэмүүлэгч, үл зогсогч, яруу найрагчийн төрмөл онгодтон, хэнтэй ч адилгүй энэ цаг үеийн өвөрмөц ганцхан монгол шүлэгч. Нэлээд хүн түүний шүлгийг постмодернизмын чиглэлийн олон урсгалд хүчээр хамаатуулсан байх юм. Уул нь постмодернизм гэдэг чинь угаасаа тогтсон нэг урсгал биш шүү дээ. Орчин үеийн дараах үе л гэсэн үг. Ер нь түүний шүлгийг аль нэг урсгалд хүчээр чихэж хамаатуулах аргагүй юм. Тэр дэндүү чөлөөтэй, дэндүү олон өнгө аястай найрагч. Түүний шүлэгт Дадалын буриад тосгоны өгөөмөр эмгэд, А.Рембогийн шүлгийн франц эрийн эмгэнэлт ахуй яг адил эрхтэй тэнцүүхэн оршин байдаг нь гайхмаар.
    Монгол эгэл ахуй, хээр тал, байгаль, амьтан, ургамал, XXI зууны дэлхийн тэргүүн шүлэгчдийн сэтгэлгээний тэнгэрлэг атлаа гүн эмгэнэлт байдлын алтан огтлолцол түүний шүлэгт шидтэй мэт чадварлагаар хосолсон нь аргагүй л Бурханаас өгсөн авьяастай, увдистайнх нь нотолгоо юм даа. Өнөөдөр дэлхийн нийт хүн төрөлхтөнд амьдралд нь хүчээр орж ирж байгаа шинэ үнэт зүйлс [гар утас, компьютер, мессеж...] өнөөгийн Монголын илэрхий хоцрогдмол ахуйн зан заншил, ёс суртахуунтай тэнцүүхэн хослон түүний шүлгүүдэд тусчээ. Хүүхэд эхийн дулаан хэвлийгээс гаруут чангаар чарлан орилдог. Жинхэнэ яруу найрагч өнөөгийн ахуйд ингэж орлихоос өөрөөр байх хувь тохиол үгүй. Өнөөгийн Монголд шинэ үнэт зүйлс багтаж ядан амьдралд нь шахан орж ирж байна. Энэ нь яруу найргийг, яруу найрагчийг яах аргагүй хувьсган өөрчилжээ. Монголд болж байгаа хувьсал өөрчлөлтийг аль нь жинхэнэ, аль нь цаг үеийн тоглоом болохыг хэн ялгах вэ? XIX зууны эхээр европ дахинд “Мөнгө цагаан, нүд улаан болсон аймшигтай үе ирлээ” гэж дэвшилтэт уран бүтээлчид чадал мэдэн эсэргүүцсэн. Энэ байдал өнөөдөр “мистер доллар” ертөнцийн ёс суртахууныг тогтоох дээрээ тулаад байгаа нь жам ёсны үзэгдэл үү, эсвэл... гэдгийг хэн мэдэж байгаа юм бэ? Түүхэн цаг үе гэдэг хүн төрөлхтний тархи толгойг ингэж л эргүүлж аль нь дэвшилттэй, аль нь харгис болох тухай ямагт эргэцүүлэхэд хүргэдэг аж.
    Галсансүхийн шүлгийг тохьтой томоотой настнууд, хуучинсаг түшмэд төдий л таатай бус хүлээж авдаг биз. Харин энэ цаг үеийн эзэд яавч эсэргүүцэж чадахгүй нь лавтай. Ер нь бүх үед шинэчлэгч бүтээлчдийн хувь заяа ийм л байлаа. Сүүлийн хорин жилд Монголд, бүх ахуйд дэлхийн жишиг гарцаагүй үйлчилж эхэлсэн. Яруу найрагт ч мөн адил. Түүний шүлгийн дүрслэл нь агуу их, гайхамшигтайгаас эгэл жирийн доод ахуйд нэгэн зэрэг төвөггүй бууж ирж шилждэг. Энэ онцлог түүний сэтгэлгээнийх нь яах аргагүй өвөрмөц тал. Шүлгийн ном нь галзуу секстэй, чадварлаг бичигдсэн дурлалын роман шиг уншихад шимтэй юм. Би 400 гаран хуудастай шүлгийн ном ийм байхыг анх үзлээ. Ер нь тэрбээр өрнө дорны ёс зүй, сэтгэлгээний маш өргөн мэдлэгтэй нь бишрэм. “Үнээдэй нютаг” гэсэн ганц холбоо үг л гэхэд Галсансүхийн өвөрмөц сэтгэлгээ, гарал угсаа, тэр байтугай боловсрол, дотоод ертөнцийг нь хэлээд өгнө. Түүний номд зөвхөн Галсансүхийнх л юм гэж хэлэх энэ мэт үг, үгүүлбэр, холбоо үг, адилтгал, зүйрлэл нэн баялаг. Бодол санаа нь тэнгэрт байж, гайхалтай, гайхамшигтай руу тэмүүлж явснаа эгшний дотор л нүгэлт газартаа хөл нь зоолттойгоо ухаарч цухалдах нь түүний шүлгээ бүтээх жам ёс санж.
    Хөгжимд дээд өнгөнөөс доод өнгөнд уналттай шилжихийг донжийг нь олбол гайхалтай шинэчлэл гэдэг юм билээ. Чухам л үүнтэй би түүний шүлгийн дотоод өгүүлэмж, дүрслэлийг зүйрлэж байгаа нь энэ. Ер нь ч өнөөдөр энэ ертөнц дээр тэнгэрлэг гоо сайхан, тэр гэхийн тамтаггүй муу муухай тэнцүүхэн л байж байх юм. Энэ үзэгдэл XXI зууны глобал өнгө төрх ч юм уу даа. Ингээд бодохоор Галсансүх хоёр зууны зааг дахь Монголын яах аргагүй тэргүүн шүлэгч болоод явчихна. Энэ хүнээ монголчууд бид чухам яаж дэмжих ёстой вэ? Ёстой нөгөө дэлхийн яруу найргийн их хурал гээч нь үнэхээр байдаг бол [Харамсалтай нь тийм юм байдаггүй] англи хэлээр орчуулаад гаргаад тавих цаг одоо л ирж байна. Сэтгэлгээ нь шинэ, адилтгал зүйрлэл нь шинэ, амьдралд нэвтэрсэн үнэт зүйлс нь шинэ, түүнээ дагаад нийгэм нь зөрчил, тэмцэлтэй, уур уцаар хөөр баясал нь тэнцүүхэн ийм л цаг үеийг Галсансүх төлөөлж байна. Тийм л учраас би “Тэргүүн шүлэгч” гэж байн байн хэлээд байгаа юм. Хорь шахам жил энэ л Монголдоо нухлуулж, муу хэлүүлж, бас магтуулж айсуй цагийнханд одоо л хүлээн зөвшөөрөгдөж яваа ийм л уран бүтээлч. Түүнийг одоо л монгол төр, бүтээлч сэхээтэн, уран бүтээлийн ертөнц дэмжээд өгдөг цаг. Би энэ удаа зориуд түүний шүлгээс иш татаж санал дүгнэлтээ батлах гэж оролдсонгүй. Тэгэх хэрэг ч алга байлаа. Ер алийг нь ч иш татаж барах билээ!
    Өнөөдөр Монголын яруу найрагт ерээд оны үед орж ирсэн шинэлэг хэл найруулга, бодол сэтгэлгээтэй нэг бүхэл бүтэн сонирхолтой үе маргаангүй төржээ. М.Уянсүхийн “Тэргүүн боть” [2009 он, 500 хуудас], Ж.Баяржаргал “Гэрлийн жилийн хэлмэрч” [2006 он] зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн авьяастны бүтээлүүд гарч байна. Бүхий л цаг үед бусдыгаа атаархуулж, тэгснээ даган дууриалгуулж, урагш хөтөлдөг түүчээ тогоруу шиг шидтэн онцгойрдог ажээ. Тийм л энэ үеийн атаа хорсол, дууриал, тэгээд хүлээн зөвшөөрөх хүртэл сэтгэлгээний ид хав болсон тэр хүн нь Баатарын Галсансүх мөн байна


Чойжилжав овогтой Билигсайхан

.

No comments:

Post a Comment