Tuesday, January 15, 2013

Б.Эрдэнэсолонго: Зүсүүлсэн нүүртэй...

Салхи зүсэн амьдарна
Салхи шиг зүсүүлж амьдарна
Зүстэй байна, цөстэй байна
Зүсүүлсэн нүүртэй байна
Шартай омогтой байна
Шав шар байна
Шал ногоон байна...
Нулимс зүсэн амьдарна
Нулимс шиг зүсүүлж амьдарна
Нүдтэй байна, шүдтэй байна
Хүчтэй байна, гэхдээ
Уйлж байна, хүнээрээ байна
Уруулсан салхи шиг байна.
Амьдрал зүсэн амьдарна
Амьдрал шиг зүсүүлж амьдарна
Хөнгөн байна, гэнэн байна
Хөөрөн нисч байна
Хөв хөх байна
Хөөс шиг байна
Хөөс шиг сарнисан байна
Надад ирсэн, надад байсан
Надаас явсан хорин нас...

Б.Эрдэнэсолонго: Бороотой цамц

Ус цаваг нэвтлэн
Хучлага зөөлхөн чангааж дусална
Урьд эртний зүүднээсээ 
Сэрээгүй л байна... 
Ноднингийн бороо өнөө зүсэрч
Тэнгэр уйлагнаад л...
Нойтон солонго шиг охин
Манайх руу гүйж санагдана
Зүггүй хөөрхөн нүдээрээ инээмсэглэсээр
Зүүдэн багын тэр минь
Үүдэн цаанаас дуудна.
Зүгээр, орооч гэж би сулхан шивнэнэ
Гэрийн сүүдэрт ном үсэглэх шиг
Гэрэлт өдрүүд нисэн алсрахаас өмнө
Гэнэн хонгор түүнийхээ
Гэзэг үснээс гуниг асгарахаас өмнө
Тэнгэр үнэртсэн бороотой цамцаа
Тэнд галын дэргэд сэврээ гэж хэлнэ ээ.

Б.Эрдэнэсолонго: Ээжээ санана

Ээжээ санана
Ээж ээ , таныг санана
Хавар болохоор санана
Шүд өвдөхөд санана
Өвс ургахад санана
Муу хэлүүлэхэд санана
Муу явахад санана
Сайн явахад санана
Сайнаар хэлүүлэхэд санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана
Гөлөг харахаар санана
Шувуу нисэхээр санана
Үдэш болохоор санана
Зүүд зүүдлэхээр санана
Зүг зүг рүү харахаар санана
Нар гарахаар санана
Сар гарахаар бас санана
Сар гарахгүй байсан ч санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана
Хол явахаар санана
Даарахад санана
Дандаа санана …
Гадаа гудамжинд санана
Ганцаардахад санана
Уур хүрэхээр санана
Нойр хүрэхээр санана
Уйлаад санана …
Намар санана
Зун санана
Насаараа санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана 

Б.Эрдэнэсолонго Эмэгтэйн тухай яриа(Өгүүллэг)

Нүдний шилтэй хүн бүхэн ухаантай байдаггүй. Нүдний шилгүй хэрнээ ухаантай нэг хүн надад дараах үгийг хэлсэн юм. ”Эрсэн зүйл ямагт хамгийн сүүлд олддог” гэж. 
Эрж эрж, магадгүй хамгийн сүүлд олдсон болохоор би бүсгүйдээ маш их хайртай байдаг юм. Бас яг над шиг царайтай, яг өөр шигээ зантай хүүхдүүд төрүүлж өгсөнд нь би тэдний ээжид хязгааргүй хайртай. Энэ бүхэн анх юунаас эхэлснийг эхлээд өгүүлье. Би үргэлж ямар нэгэн зүйлийг эрж хайж явдаг хүүхэд байлаа. Том болсон хойно ч энэ зуршил маань хэвээр үлдсэн. Ер нь төрөл бүрийн юм олсон доо. Энэ эмэгтэй миний олсон зүйлсээс хамгийн сайхан нь гэдэгтэй одоо ч, хожим ч санал нийлнэ. Эмэгтэйгээ олсны дараа тэр миний үгэнд орохгүй их зовоосон. Хамгийн гол нь надад итгэхгүй байсан юм. Хэдий дургүй ч би түүнд зориулан дуулж, бүжиглэж өгч байлаа. Бас нүдний шил зүүдэг болсон юм. Бага зэрэг ухаантай хүн гэсэн сэтгэгдэл төрүүлэх гэснийх. Бас их зовж байж зөндөө олон алмаазан шигтгээтэй үгсийг түүнд зориулан хаанаас ч билээ олж өгснөө санаж байна. Тэр тэдгээр үгсийг дэрээ задлаад дотор нь хийсэн, түүнийгээ дэрлээд унтдаг юм. Шөнө тэдгээр үгс нь амилаад зүүдэнд нь олон сайхан авиа гаргадаг гэсэн. 

Wednesday, February 29, 2012

"Д.Пагмадулам. Бүрхэг шөнийн тэргэл саран"



Ч.Билигсайхан: судлал, шүүмж


Урлагийн ертөнцийн дотроос яруу найргийн орчлон гэдэг хэн ч тааж танимгүй ёстой л нууцлаг битүү ертөнц дөө.
“…Магнаг цэнхэр өглөөний эмзэг турьхан авиа
Манай гарагтай зэрэгцээ ертөнцийн тооноор үзэгдвэй…”
(Ц.Батбилиг “Хавар эртийн тогоруу”)
“…Диваажин эсвэл тамд зорчих тасалбар
Үхэх гэдгийг дийлэнх хүмүүс мэддэггүйд л
Үхлийн үнэ цэн оршдог болов уу…”
(Р.Улам-Оргих “Миний хашгирсан хавар”)
“…Таталбар зураг мэт сансрын хаа нэгтээ миний
Танил дотно ертөнц дусал нулимс болдог
Янаг эрвээхэйн зөөлөн нулимс мэт тэр шүлгүүд
Яг одоо чиний сормуусан дээр гэрэлтнэм…”

Monday, February 6, 2012

Амьдарч амжих


Огторгуйд хөөрсөн бүх шувуу солонго болохоос өмнө,
Ой санамжаа гээхээсээ өмнө,-
Ондоон гарагаас айсуй солирын чимээ бүдгэрэхээс өмнө,
Сүнсний үүдийг нээхээсээ өмнө,-

Нисч нисч газар буусан навчис гишгэгдээд
Нэг их сайхан цагаан цэцэг болон дэлгэрэхээс өмнө,
Үс чинь тэр дунд ойчихоос өмнө,-
Гэнэтхэн сархийтэл асгарсан бороо
Эргээд үүл болохдоо
тэнгэрт зүгээ алдаж төөрөхөөс өмнө,
Зүс чинь хийсч гандахаас өмнө,- 

Зүүд тэр аяараа их хотыг нөмөрч
байшин бүрийг нил ягаанаар будаад,
Гоёмсогийг нь мэдрүүлэхээр зэрвэс гэрэл тусгахаас өмнө,
Хэн нэгэнтэй ширтэлцэж гүйцэхээсээ өмнө,-
Зүрх зогсох мэт машины хөдөлгүүр унтарч,
Аниргүй харанхуйд тэнүүлч муур л биеэ сэгсрэхээс өмнө,
Бохио залгитлаа уруулын будаг шимэхээсээ өмнө,-

Амьдарч амжих... амжиж амьдрах

Үдэш мандсан бүгээн сар гэрлээ нэмсээр
наранд хувилахаас өмнө,
Үг хоолой дээр чинь гацахаас өмнө,-
Өглөөг зарласан оддын бүдгэрээ
бүрмөсөн цайж дуусахаас өмнө,
Өтлөхийн хэрээр сэтгэл чинь царцахаас өмнө,-

Хэзээ нэгтэй уншсан үлгэрийн шидэт баатрууд
Морьдоо эмээллээд,
жаргалтай мөрөөдлөөс чинь давхилдан одохоос өмнө,
Ганцаардахаасаа өмнө,-
Хийц нь уран чулуун бэлзэг
Гунихын аясыг даалгүй турсан хуруунаас аяндаа сугарч,
Шалан дээр унаад,
өнхрөх чимээ ч гаргалгүй бутран үйрэхээс өмнө,
Энэ юуны дохио болохыг эргэцүүлэхээсээ өмнө,-

Амьдарч амжих... амжиж амьдрах