Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Билигсайхантай хєєрєлдлєє.
Б.Ринчен гуай ч, Ц.Дамдинсvрэн гуай ч шоронгоос гарч ирснээсээ хойш зохиол бичээгvйМонголчуудад дээхэн vед зохиолч гэхээр билиг авьяастай, ер бишийн хvн гэж ойлгодог байсан.
Уран зохиол, зохиолч гэдэг бол нийлмэл ойлголт. Харин XX зуун гарч, Европын соёл дорно дахинд нэвтэрчуран зохиол єрх тусгаарласан. Тэгэхдээ Оросын уран зохиолыг дагах маягаар хєгжиж, 1921-1991 он хvртэлх 80 шахам жилийн хугацаанд уранзохиолыг "дэглэсэн" байдалтай байлаа. Уг нь Монгол уран зохиол урьд нь огт тийм байгаагvй юм. Нэг талдаа эрдэм шинжилгээний, нєгєєтэйгvvр хvний оюун ухааны, далд мэдрэмжийн шинжтэй байсан. Гэтэл социализмын жилvvдэд "социалист реализм" гэдгийг томъёолоод юм бvхнийг vзэл сурталжуулаад эхэлсэн. Энэ vед тєрсєн авьяастнууд маш хvнд амьдралыг туулсан даа. Д.Нацагдорж л гэхэд хавчигдан зовж гучин хэдхэн насалсан. Тэр 37 онд их баривчилгаа эхлэхээс хоёр гурван сарын ємнє "Би энд байх юм бол хамгийн тvрvvнд баригдана. Тийм учраас архи уугаад тэнэж явъя даа. Архи уугаад гудамжинд тэнэж яваа хvнийг ямар хvн гэж тоож барьж авах юм" гэсэн байдаг. Тэгээд л архи ууж эхэлсэн. Гэсэн ч баривчлах гэж оролдоод л байсан юм билээ.
Б.Ринчен, Ц.Дамдинсvрэн, Д.Намдаг гуай гээд мундаг зохиолчид 10 жил шоронд сууж, гарахдаа Дотоод яаманд бичиг бичиж єгсєн байдаг. Тэнд юу гэж бичиж єгснєє хэлэхгvй байсаар "явцгаасан" даа. Би Б.Ринчен гуайгаас бусадтай нь олон удаа уулзаж байлаа. Бvгд Дотоодын яам юу гэж гарын vсэг зуруулсан юм гэхээр булзааруулаад орхичихдог байсан. Шоронгоос гарч ирснийхээ дараа Б.Ринчен гуай ч, Ц.Дамдинсvрэн гуай ч бараг зохиол бичихээ больсон шvv дээ. 1937 оны хэлмэгдлээс хойш, 50-иад он болж байж шинэ уран зохиолын тєлєєлєгчид нь гарч ирсэн. Шинэ vеийнхэн гарч ирэхдээ нєгєє С.Буяннэмэх, Д.Нацагдоржийгоо ч ярьдаггvй байсан. Харин Ц.Дамдинсvрэн гуай анх Монголын утга зохиолд хэнийг анхдагч болгох вэ гэж шууд ярьсан гэж байгаа юм. Тэр vед Д.Нацагдорж "байхгvй". С.Буяннэмэх, Ши.Аюуш, М.Ядамсvрэн буудуулсан, Б.Ринчен, Ц.Дамдинсvрэн гуай єєрєє ч 10 жил шоронд орсон байсан. Харин Д.Нацагдорж баривчлагдаж хоригдсон юм байхгvй, нэр цэвэр. Тэгэхээр тvvнийг Монголын орчин vеийн уран зохиолын vндэслэгч болгосон гэдэг.
Жинхэнэ уран зохиол ойворгон сэтгэлээс, "Болор цом"-оос тєрдєггvйИнгээд 1948 онд Монголын зохиолчдын эвлэлийн анхдугаар их хурал, 50-иад онд хоёрдугаар хурал хуралдсан. Тэр vед Д.Сэнгээ МЗЭ-ийн дарга байсан. Тэрбээр Зєвлєлтєд Утга зохиолын дээд сургууль тєгсєж ирээд авьяастай хvмvvсийг эрж гvйгээд Б.Явуухулан гуай, хvvхдийн зохиолч Содномдорж, Л.Тvдэв, Д.Мягмар, Чойжилсvрэн гээд 10 гаруй хvний номыг нь гаргаад л. Тэр дунд Б.Явуухулан гэж Санхvvгийн техникумын нэг хvv байж л дээ. Тэгэхдээ ер бишийн, юмыг єєрєєр хардаг хvн байж. Би Явуухулан гуайтай 10 жил хамт ажилласан. Ярихдаа ёстой хэлээ, явахдаа хєлєє ч олохгvй гэж тийм шvлэг байдаг юм. Тvvн шиг л хvн. Гэхдээ бичсэн шvлэг нь тийм биш. С.Эрдэнэ гуай байна. Монголын орчин vеийн уран зохиолын тvvхэнд яах аргагvй мєнхєрсєн хvн. Ингээд нэг vе гарчээ. Гэхдээ тэр vед бодсоноороо бичиж болдоггvй байж. Сайн малчны тухай бичье гэхэд л нам ямар хvнийг сайн малчин гэх вэ, тэр л тухай бичдэг байж. Ухаандаа гуравдугаар биеэс бичихийг л тулгасан хэрэг шvv дээ. Гэтэл авьяастай улсууд чинь яваандаа би єєрєє юу гэж бодож байна, миний бодол сэтгэл, миний дотор юу байна гэх хандлагатай болж ирсэн. Тэгээд Явуу 1959 онд анх "Би хаана тєрєє вэ" гэдгийг бичсэн хэрэг. Буруутгаж, бас зєвтгєж ч боломгvй. Ерээд оны тєгсгєл гэхэд Монгол 200 гаруй зохиолчтой байлаа. Одоо бол 1000 болоо биз дээ. Социализмын 70 жилийн 200 зохиолчоос 10 vлдэх vv, vгvй юу. Би бол 1910-1990-ээд оны тєгсгєл хvртэл ная гаруй жилийн дотор Монголын шилдэг зохиолч гээд нэрлэхэд сайндаа л 10 хvн vлдэнэ гэж боддог. Зохиолчийг авсан шагналаар хэмждэг юм биш. Жинхэнэ зохиолч бол ард тvмэндээ хэрэгтэй vгийг л хэлдэг. Харин 2000 оноос уран зохиол сая л єєрийнхєє голидролд орох нь уу гэж горьдож байсан, би. Гэтэл 2008 он болоод дахиад хvмvvс мєнгєжсєн. Уран зохиол бол тийм ойворгон сэтгэлээр, "Болор цом"-оор тєрдєггvй. Жинхэнэ уран зохиолын энэ бvхий цаана далд хєгжиж байгаа. Магадгvй жинхэнэ зохиолч нь vнэлэгдэхгvй байж байгаад vхсэн хойноо vнэлэгдэх биз дээ.
Уран зохиол гэдэг амьдралын тухай vзлийн цогцосАмерикт бол утга зохиолын онолчид зохиолчидтойгоо хамтарч байгаад шинэ "изм" гаргадаг. Жишээ нь "постмодернизм", "постструктурализм" гэдэг ч юм уу. XX зууны дундуур хvмvvсийн сэтгэхvй хєгжиж, амьдарлыг єєр єнцгєєс хардаг болсон. Тэр єнцгєєсєє нэг нэг изм гаргаад явдаг. Америк ч юм уу барууны орнуудад бол зохиолчдын хороо гэж байхгvй. Монголд ч байхгvй болно. XXI зуун гармагц зохиомол уран зохиолын vе дууссан. Одоо жинхэнэ амьдралын тухай, жинхэнэ єєрийн бодол санаагаа бичдэг болжээ. Шvлэг гэхэд л миний "дотор би" ингэж л бодож байгаа, энийгээ л бичдэг. Энэ бичсэн юм минь миний амь амьдрал, би зохиомол юм бичээгvй. Минийхээр амьдрал ийм байдаггvй, ийм байдаг гэсэн хатуу юм руу уран зохиол очиж байна. Тиймээс Монголд яваан¬даа "уран" утга зохиол болох шат руугаа явж байна. Эцсийн эцэст дэлхийн утга зохиол баримттай юм руу хєгжиж байна. Єгvvллэг, тууж, роман бvгд эссэ маягийн. Эссэ гэдэг бол арга биш, сэтгэлгээ. Ухаандаа "Би" гэдэг эссэ бичье гэвэл би єєрийнхєє тухай л бичнэ. Миний дотор ийм бодол байна, тvvнийгээ л гаргана. Тэгэхээр уран зохиол гэдэг ерєєсєє л бодит амьдрал. Уран зохиол нарийндаа философитой их холбоотой. Гvн ухаан, амьдралын тухай vзлийн цогцос болчихгvй юу. Тэгэхээр нэртэй зохиолчид огт ондоо, шинэ vзэл гаргаж ирээд тэрийгээ цааш нь хєгжvvлдэг. Эхэндээ хvмvvс хvлээж авахгvй л байх.. Гэтэл явсаар байгаад хоорондоо холбогдохоор "энэ чинь ийм юм байна шvv дээ" гээд ойлгодог.
Зохиолчийн хvvхэд зохиолч болдог моод ганцхан Монголд байнаЗохиолчийн хvvхэд зохиолч болдог моод ганцхан Монголд гарч байна. Хэзээ ч ийм байх ёсгvй. Ёсгvй гэсний учир нь тийм юм ерєєсєє байгаагvй, байх ч vгvй. Э.Хэмингуэйн хvv зохиолч Хэмингуэй гээд гараад ирэхгvй л байна шvv дээ. Гэтэл Монголоор дvvрэн зохиолчийн хvv зохиол¬чид гараад ирлээ. Бvгдээрээ миний найз учраас бvгдийг нь хэлэхэд хэцvv. Д.Цоодолын охин, Д.Тєрбатын хvv, Ч.Чимидийн хvv зохиолч, яруу найрагч гээд л... Цємєєрєє л зохиолч, яруу найрагч хvvхэдтэй. Хvн эцэг эхийгээ дуурайлгvй яахав. Тэдэндээ хайртай байлгvй яахав, эцгийнхээ хєдєлмєрийг дагахсан, зохиолч болохсон гэж бодолгvй яахав, тэр хvvхдvvдийн буруу биш. Арай жаахан vvнээс дээгvvр эрх ашиг байдаг байхгvй юу. Тэгэхээр Монголд нийтээрээ бичиг vсэгтэй, хvн бvр 10 дугаар анги тєгсєєд, бvгдээрээ шахуу дээд сургууль тєгсєх шат руугаа орж байна шvv дээ. Нийтээрээ бичиг vсгийн чадвар сайжирсан vед дунд зэргийн шvлгийг бол хэн ч гэсэн биччихнэ. Гэтэл vнэн хэрэгтээ зохиолч гэдэг бол ихээхэн vйлтэй хvний ажил. Би ер нь урьд насандаа ямар нvгэл хийсэн юм, яагаад ийм зовлонтой учрав гэж бодохоор. Одоогийнх шиг нєхцєлд зохиолч болно гэдэг бол жаргал. Байнга л телевизээр шvлэг уншаад л, тэгээд л єєрсдийгєє яруу найрагч гээд л. Энэ бол дампуурлын шинж.
Жинхэнэ яруу найрагчид, зохиолчид гэдэг бол бурханЗохиолч, яруу найрагч хvн бол ирж байгаа цаг vеийг vзэх єєрийн vзэлтэй, vvнийхээ тєлєєнєє сэтгэл нь дандаа зовж байдаг. "Одоо энэ Монгол яанаа, хойноос Оросууд, урдаас Хятадууд хєгжєєд байдаг" гээд л... Хятадын зуун болно гээд байдаг, Хятад ч жигтэйхэн хєгжиж байдаг... Монголчууд бvх тvvхий эдээ Эрээн рvv аваачаад гарч ирэхдээ дандаа хувцас болгоод гаргаад ирдэг. Ингэсээр байгаад Монгол сvйрэх нь гэж зовнидог. Ийм зовинол бол зохиолч, яруу найрагчдад бий. Тэгэхээр зохиолч хvн єєрийгєє юм болгоны ємнєєс зовоож байдаг. Д.Намдаг гуайгаас "Авьяас гэдэг чинь юу юм бэ?" гэж асуусан хvн нь би юм байгаа юм. Тэгсэн чинь сvvлийн vед хvн болгон л асуусан болоод байгаа. Тэр vед би "Арван хєрєг" гээд ном бичсэн юм. Тэгээд Д.Намдаг гуайгаас асуутал "Ямар хvн байхав, эмзэг хvнийг л хэлнэ. Чи бод л доо. Эмзэг хvн гэдэг чинь хамгийн тvрvvнд санаа нь зовдог, хамгийн тvрvvнд уйлдаг, гомддог, баярладаг тийм л хvн. Ухаан нь инээмээр юм болж байхад уйлдаг ч юм уу, тэгж юмыг єєрєєр хvлээж авдаг. Тийм эмзэг сэтгэлтэй хvнийг хэлдэг" гэж хэлсэн нь гайхалтай vнэн. Тийм эмзэг сэтгэлтэй байна гэдэг авьяастайн шинж. Эцсийн эцэст уран зохиолыг авьяастай л хvн хийдэг. Цаашлаад дотоод мэдрэмжээрээ явна. Хvнд дээр vеэс дамжсан мэдрэмж байдаг байх нь л дээ. Тэр нь тархинд байж байдаг. Тэрийг сэрээхгvй бол тэгээд л єнгєрнє. Харин ихээхэн эмзэг сонин мэдрэмжээ чагнаад олоод авчихсан хvн бол тэрийгээ л анаж манаж байх хэрэгтэй. Тэр мэдрэмж миний ємнєєс аливаатай тулгараад надад хариу хэлдэг. Тийм учраас яруу найрагчид юмуу жинхэнэ зохиолчид бурхан. Vнэн чанартаа ирээгvй юм уу, болоогvй юмыг цэвэр мэдрэмжийнхээ хvчээр урьдчилж харж мэдрэх чадвартай хvнийг зохиолч гэнэ. Ер нь олон ном гаргасан мєнгєтэй хvн бvр зохиолч болдоггvй. Болсон болоогvйг цаг хугацаа харуулдаг юм. XXI зууны уран зохиол ийм болно гэж хэлнэ гэдэг бол их зvрхтэй хvний ажил. Харин иймэрхvv болж магадгvй гэсэн таамгууд л байна. Нобелийн шагналыг єгч байгаа нь ч гэсэн иймэрхvv маягийн зохиолыг зохиол гэж vзнэ гэх vvднээс єгч байгаа шvv дээ. "1984" он гээд зохиолыг уншихаар ерєєсєє уран зохиол биш юм шиг. Тэнд Хятад, Америк, Орос гурван орны тухай л биччихсэн. Тэр худал, энэ vнэн, буруу зєв гэдгийг хэн хэлж чадах юм? Хэн ч хэлж чадахгvй. Тvvх єєрийнхєєрєє л яваад байна. Тэгээд л эцэст нь жин¬хэнэ нь шалгагдаад хоцордог.
Эрх мэдлийн тєлєє нvдээ ухаж єгєхєєс буцахгvй энэ vед оюуны сэргэн мандалт болноМонголын соёл, оюун ухааны цэцэглэл мандал энэ л vед ирж байгаа байж магадгvй. Нэг харахад Монгол Улс доройтоод ирж байгаа юм шиг мєртлєє оюун ухааны хувьд харин мандах vе рvvгээ орж ирж байж магад. Ер нь нэг их мундаг хvчирхэг байсан vедээ оюун нь нэг их мандаад байсан юм байхгvй. Харин яг доройтоод ирэхээрээ оюуны хувьд хvчирхэгжиж байсан тvvх байгаа юм. Жишээлбэл 16, 17-р зууны vед Чингэс хааны нєгєє хvчирхэг Монгол чинь дандаа Манжийн дарлалд ороод л. Тэгтэл яг энэ л vед. "Алтан товч", "Эрдэнийн эрхи" гээд бvх тvvхийг бичсэн. Би "Эрхи товчоо" номдоо Монголын оюуны сэргэн мандлын тухай бичсэн. Харин єнєєдєр дахин оюуны сэргэн мандал гарах байх. Тэр Октъябрын хувьсгал, тэр 21 оны хувьсгал бол хувьсгал биш. Харин 1911 оных нь vндэсний хувьсгал байсан. Тэр хувьсгалын vрээр монголчууд єдий зэрэгтэй явж байгаа юм. Одоо ч гэсэн яах аргагvй тийм сонин vе ирлээ. Энэ 21-р зуунд оюуны сэргэн мандал болж магадгvй. Гэхдээ энэ сэргэлт их зєрчилтэй. Монголчууд бvгдээрээ хятадын шаахай, гутал ємдтэй. Би хvртэл Хятадын биеийн тамирын хувцас ємсчихєєд сууж байна. Єєр арга алга. Гэтэл оюуны хувьд бол єєр. "Энэ муу хятадууд юу юм" гээд л байна. Ємсєж эдэлж байгаа нь бvгд Хятадынх. Цахилгаан хэрэглэлээс нь авахуулаад бvгд Хятадынх. Хєдєєнийхєн ч хятад мотоцикль уначихсан. Ер нь хэзээ Хятадаасаа ялгарах юм гэж бодмоор. Тэгсэн мєртлєє оюуны ялгаралын vе нь одоо болж байгаа байхгvй юу. Яг vнэндээ сvvлийн арав хорин жил Монгол их хачин болж байна шvv дээ. Хоёр сая гаруйхан монголчуудад 76 тєрийн тvшээ. Тэгээд сонгууль болохоор vvнийхээ тєлєє vхтлээ дайтдаг. Тэнд суухаараа л хэдэн тєгрєгтэй болдог. Алба, эрх тушаалын тєлєє нvдээ ухаж єгєхєєс буцахгvй болсон ийм хачин vед оюуны сэргэн мандалт болно.
No comments:
Post a Comment