Friday, September 23, 2011

Л.Өлзийтөгс: Боломж л байвал гэрээс гарахгүй юмсан

-Үсний тань засалт гоё зохих юм. Арван хэдэн жилийн өмнө телевизээр гарахдаа яг л ийм үстэй байсан?
-Аа, энэ үү… Намайг дунд сургуулийн зургадугаар ангид байхад л эгч анх ингэж засаж өгсөн. Бараг 20 жил яг энэ хэвээрээ л байгаа юм. Эгч царай муутай дүүгээ хөөрхөн болгох гэж хичээсэн шиг байгаа юм. Хүүхэд байхдаа ч, хүүхэн болоод ч энэнээс өөр хэв маягт дурласангүй. Ер нь би гоо сайхны элдэв моод янзыг тэгтэл шохоорхоод байдаггүй. Гадаад байдал гэдэг миний хувьд тийм ч чухал зүйл биш дээ.

-Анх удаа нүүр тулж буй хэрнээ надад Таны тухай төсөөлөл байх юм. Уран бүтээлээр нь дамжаад тухайн хүний мөн чанарт дөхнө гэвэл санал нийлэх үү?
-Хүн өөрийгөө л бичдэг гэдэг. Гэтэл бичих тусам, уран зохиолын гүн рүү явах тусам тийм биш санагдаж байна. Жишээ нь би өөрийгөө янз бүрийн нөхцөл байдалд аваачиж тавиад элдэв төсөөллөөр баяжуулан зохиолоо бичдэг. Энэ нь ч хялбар байдаг юм. Гэтэл уран зохиол мэдэхгүй хүмүүс шууд утгаар нь ойлгочихно. Аан Өлзий, Аюур хоёр чинь ингэдэг юм байна... гэж бодно. Миний бодит амьдрал шүлэг зохиолоос минь өөр ч байж магадгүй. Намайг хэн бэ гэдгийг мэдэх хүн цөөн дөө.
-Хэн болохоо албаар нууцалдаг биш үү?
-Уг нь бол би хамгийн нээлттэй хүн. Олны өмнө гарах дургүй. Угаасаа сонирхолгүй. Одоо ч ярилцлага өгөөд сууж байгаадаа дурамжхан л байна.

-Ном гаргадаг хүнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй ойр харилцах хэрэг гардаггүй гэж үү. Нэг төрлийн бизнес биз дээ?
-Ном гэдэг яг хүнтэй адил өөрийн гэсэн хувь заяатай гэж боддог. Сүү аваарай гэж хашгирдаг аргаар сайн номыг зарлах хэрэггүй… Миний өглөө компьтерийн ард сууснаар эхэлдэг. Өглөө болгон цахим шуудангаа шалгадаг гэсэн үг. Гадаадаас ч, дотоодоос ч ихэвчлэн уншигчид захидал илгээнэ. Өөрийн гэсэн тодорхой хүрээний тогтмол гэхээр уншигчтай болчихсон. Үүний төлөө би бичихээс өөр юу ч хийгээгүй. Хийе ч гэж боддоггүй.

-Таны олон шүлэгт навчны тухай бий. Тэр навч чухам юунаас эхтэй юм?
-Зургадугаар ангид эрвээхэйн хатаамал хийх аймаар даалгавар авлаа. Амьд эрвээхэйг номын хуудсанд хавчуулж алах гэдэг… Надад эвгүй санагдсан. Байрныхаа урд талын хүүхдийн цэцэрлэгийн хашаанд очив. Уг нь би дүүрэн модтой тэр цэцэрлэгт гэрийн ажлаас зугтан ном уншихаар байнга очдогсон. Тэр удаа эрвээхэй хайгаад явж байтал мөрөн дээр нэг нь ирээд суучихав. Мөрнөөс минь үргэн нисэхдээ навчин дээр очиж суулаа. Мөнөөх навч надад яг л эрвээхэй шиг харагдсан. Борооны дусалд ов тов цоохортож, олон өнгөнд уусчихсан их гоё навч. Тэгэхэд л навчны гоо үзэсгэлэнг мэдсэн. Би даалгавартаа эрвээхэйн оронд навчны хатаамал хийж билээ.

-Ингэхэд Та нөхөртэйгөө яаж танилцсан бэ?
-Аюуртай танилцахаас өмнө шүлгийг нь “Ил товчоо” сониноос уншсан байсан. Э.Сонинтогос эгч намайг оюутан байхад дуудаж “Ардын эрх”-ийн “Ням гариг” сонинд сурвалжлагчаар авсан юм. Оюутан хүнд тэр үеийн төрийн төв хэвлэл байсан “Ардын эрх”-д ажиллана гэдэг том үйл явдал шүү дээ. Намайг орохоос хэдхэн сарын өмнө Аюур Нийгэм, соёлын хэлтэст ажиллах болсон юм билээ. Тэгж бид хоёр танилцсан. Үнэнийг хэлэхэд би түүнийг ер анзаарч байгаагүй. Эрчүүд надтай яагаад ч юм тийм зоригтой, шулуухан харилцдаггүй байтал Аюур... (инээв) Нэг удаа сурвалжлагаа бичээд сууж байтал өмнө минь шүлэг тавьчихаад яваад өгсөн. Тэр шүлэг нь хэтэрхий ойлгомжтой байсан л даа. Аюур ер нь шулуухан, зоригтой, хурц хүн. Миний төрсөн өдөр болдог юм.

Өглөөнөөс авахуулаад олон хүнээс бэлэг авав аа. Аюур тэгэхэд ганцаараа мартагдашгүй бэлэг өгч билээ. Сапфо гэж эртний Грекийн яруу найрагч эмэгтэй байдаг даа. Би түүний тухай олж унших юмсан гэж бодож явтал Аюур “Домогт эмэгтэйчүүд” нэртэй ном бэлэглэж, хамгийн эхний хуудаст нь Сапфогийн тухай байсан. Бас намайг А.Блокт хайртайг мэддэг шиг тэмдгийг нь өгсөн. Энэ бэлэгнээс хойш бид хоёр их дотно болсон.

Миний дунд нь орж тэсвэр тэсвчээртэйгээр удаан ажилласан цорын ганц хамт олон бол “Ардын эрх.” Тэгэхэд Ц.Балдорж эрхлэгчийн бүрдүүлсэн шиг хүчирхэг баг одоо хаана ч алга байх шиг. “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч Мийгаа ах тэгэхэд сонины эзэн биш нэртэй сэтгүүлч байсан. Миний бичсэн юм түүнд таалагдахад баярлаад л гүйж явлаа. Тэндээс, тэднээсээ би ихийг сурсан. “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сониныг одоо ч хамт олноо гэж боддог. Амжилт бүхэнд нь баярладаг. “Ардын эрх”-д байхад Аюур бид хоёрт тохиолдсон нэг хөгтэй явдлыг ярих уу?

-Тэгээч.
-Бид хоёр болздог юм аа. Бааранд орох гэтэл мөнгө байсангүй. Аюур редакцид очъё гэнэ. Тэгэхэд ажил тарчихсан, шөнийн 12 цаг болж байлаа. Тэнд хэн ч алга. Хоёулаа ороод юм яриад сууж байтал хонгилд чимээ гарахаар нь шагайсан чинь Бал эрхлэгч явж байна аа. Айгаад яахаа мэдэхгүй З.Түмэнжаргал ахын согтуудаа Э.Сонинтогос эрхлэгчээс нуугдаж байсан шүүгээнд ороод зогсчихсон. Гэнэт шүүгээн дотроос баригдах эвгүй санагдаад гарахаар хаалгыг нь онгойлготол яг өмнө Бал эрхлэгч зогсож байсан. Үхтлээ айж, бас ичиж билээ. Энэ явдал санаанаас гардаггүй юм.

-Инээдтэй юм.
-Харин тийм. Бал эрхлэгч мундаг хүн шүү дээ. Монголын хэвлэл сонины түүхэнд их юм хийсэн хүн дээ. Тэгэхэд бид хоёрыг ойлгосон байх аа юу ч дуугараагүй гараад явчихсан.

-Аюурзана та хоёр бие биеэ онож олсон хос шиг санагддаг?
-Магадгүй.

-Түүнтэй хамт байхад гайхамшигтай юу?
-Мэдэхгүй.

-Хүүхдүүдээс тань яруу найрагч төрөх болов уу?
-Хэлж мэдэхгүй байна. Уран зохиол хүнд хүчир зүйл шүү дээ. Хүүхдүүд маань ном унших дуртай. Лав л охиноо яруу найрагч болоосой гэж хүсдэггүй. Бэлдээд л, бичсэнийг нь засч өгөөд л дэмжиж тэтгээд байхгүй. Яруу найрагч байх гэдэг цаанаасаа хувь ерөөлтэй. Сайн яруу найрагч болж чадахгүй бол хамгийн золгүй амьтан болж хувирна, чадвал хамгийн гайхамшигтай амьдралыг туулна. Зарим эцэг эх хүүхдээ яруу найрагч болох нь бичсэнийг нь үзээд өгөөч гэдэг. Хүүхдүүд нь шүлэг цээжилдэг, уншдаг, ухаантай, сэргэлэн л гэдэг. Гэтэл яруу найрагч болоход энэ бүхэн хангалтгүй.

-”Шизо”-той гэж ч хэлүүлдэг?
-Жинхэнэ яруу найраг хамгийн эрүүл ухаанаас төрнө. Уран бүтээл өөрийгөө олох эрлийн замд эзнээрээ этгээд зүйл хийлгэж болох юм. “Шизо”-той гэдэг чинь хамгийн бурангуй үзэл. Ажигч гярхай, мэдрэмжтэй, байгалийн авьяастай, ухаалаг, бас маш шударга сайн хүнээс л сайн уран бүтээл гарна. Өөдгүй хүнээс сайн шүлэг гардаггүй. Би өчигдөр уран дархан Д.Энхдаваа ахтай уулзсан. Тэр их сайн хүн байх гэж бодогдоод байдаг юм. Бүтээл нь маш гэрэл гэгээтэй, нэг л их сайхан инээмсэглэл шиг.

-Та хоёр яагаад хоёулаа гэртээ уран бүтээл хийхээр болсон юм бэ?
-”Өчигдөр” сониноо болиод л гэртээ суусан. Энэ шийдвэрийг хоёулаа гаргасан. Бид хоёр “Өчигдөр” сониноороо нийгэмд хэлье гэснээ хэлж чадсан шүү. Тухайн үед шар сониноос анх удаа урлаг, уран зохиолын тухай бичдэг байлаа. Бид хоёр ямар ч ажлыг мөнгө бодож хийдэггүй. Хүмүүст хэрэгтэй юм хийе гээд бодооод явахаар л аяндаа болж бүтдэг юм билээ. “Өчигдөр” маань олон уншигчтай, ид мөнгө олж байсан үед сониноо гаргахаа болиход хүн болгон гайхсан. Хэт залуу байна, романтик гэдэг нь гээд л.
Хэн хэний маань бодол юм даа. Хүний амьдралд материаллаг талаассаа бол тийм ч олон юм хэрэггүй. Мөнгөний хойноос яваад байвал ерөөсөө дуусдаггүй. Бидний хүүхэд нас, хүсэл мөрөөдөл, зорилго чиглэл бүгд уран зохиол байсан учраас бүгдийг орхиод уран бүтээлээ хийх нь ямар ч мөнгө төгрөгөөс илүү үнэтэй. Тэгээд л цэвэр гэртээ суусан. Ингэж суусны хүчинд 10 хар ботио гаргасан. Одоо бол найзууд зөв шийджээ гэдэг. Итгэл үнэмшил гэдэг хүчтэй шүү дээ. Мөнгө бол төлөөнөө нь амьдралаа зориулаад байхаар зүйл биш ээ.

-Та ганцаарддаг уу. Манайд оюуны хүрээ бий юү?
-Над шиг олон найз нөхөдтэй хүн харин ч ховор. Миний найзууд голдуу зураачид. Манайд тийм оюуны бат хүрээ бий бий. Урлаг, философи, сэтгүүл зүй бүгд харилцан хамааралтай хөгждөг. Жишээ нь, утга зохиол яруу найргийн шинэчлэл нь эргээд философи, тэр бүү хэл анагаах ухаан, нийгмийн шинжлэх ухаанд нөлөөлж байдаг юм билээ. Ходоод хоосон байхад юун яруу найраг гэж ярьдаг хүмүүс бий. Энэ бол оюуны талхны асуудал гэдгийг бодолцох ёстой байх аа. Манай улс хоёр сая хүнтэй гэхэд харьцангуй олон сэхээтэнтэй. Оюун санааны хүрээнийхэн бие бие рүүгээ соронзон шиг л татагддаг.

-Та гэрээс гарахгүй дөрвөн жил болсон тухайгаа бичсэн байсан. Яаж чаддаг юм бэ, харамсдаггүй юм уу?
-Боломж л байвал гэрээс гарахгүй юмсан гэж боддог. Харамсдаггүй ээ. Гэртээ суудаг гэхээр хүмүүс цонхоороо хараад зогсч байдаг шиг боддог юм байна лээ. Өнгөрсөн хугацаанд би зургаан ном гаргасан. Аюуртай хамтарсан гурван номтойгоо нийлвэл есөн ном. Бас энэ хугацаанд 70 гаруй номын редактораар ажиллалаа. Уншигчдад муу ном хүрнэ гэдэг оюуны гэмт хэрэг шахуу зүйл шүү дээ, тиймээс ном бичдэг хүнд тусалж, засч залруулж, санаагаа хэлж сайжруулж, өөрөөр хэлбэл зохиогчийг нь жижигхэн нүглээс аварсныхаа төлөө би хөлс ч авдаггүй. Номон дээр нь редакторласан гэж нэрээ ч тавиулдаггүй.

-Та саяхан хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэтгэлийн хөг”-д үг хийжээ. Гурван сар амандаа аялж бичсэн гэл үү?
-Би хэзээ ч нэг юман дээр гурван сар сууж үзээгүй (инээв) . “Сэтгэлийн хөг”-д үг илүүдэхээр сайхан ая л даа. Шарав гуайн хөгжимд үг бичих нь миний хувьд бахархмаар зүйл. Хурдан ч бичсэн. Б.Шарав гуай хорвоод аятай төрсөн хүн. Би бүүр 1993 онд “Ил товчоо” сонинд ярилцлага өгөхдөө л түүнийг хүндэлдэг, хоёрдугаар симфонид нь дуртайгаа хэлж байсан. Манай Дарханы охин энэ дууг дуулж байгаа. Сайн дуучин болно доо. Сайхан хоолойтой охин.

-Амьдарч яваа цаг үеийнхээ тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Хятадууд үзэн ядсан хүнээ төр солигдох үед амьдраарай гэж хараадаг юм гэсэн. 90-ээд он уран бүтээлчдийн хувьд олз, завшаан байсан бол хувь хүний хувьд тун хэцүү үе байлаа. Гэвч туулж байгаа хүнд бэрхийнхээ хэрээр бид өсч өндийж байна. 90-ээд оны зохиолчдын намтар социализмын үеийн зохиолчдынхоос илүү сонирхолтой байх болно. Авах юмгүй намтартай зохиолчийг ямар зохиолч гэх вэ дээ гэж нэгэн зохиолчийн хэлсэн үг бий. 1990 оны ардчилсан хувьсгал Монголын сэхээтнүүд, уран бүтээлчдийн хувьд жинхэнэ аврал байсан. Бид, жишээ нь яруу найрагчид тэгэхээр ардчилсан хувьсгалыг гардан хийсэн тэр л хүмүүст маш их өртэй. Ямарваа нэгэн шинэчлэл, хувьсгалыг хийнэ гэдэг асар хэцүү. Цагаа тулахаар хүмүүс ихэнхдээ аймхай байдаг юм билээ.

-Таныг дуурайн бичигчдийг уншдаг уу?
-Тэр хүний хэн бэ гэдэг талаар бүрэн ойлголттой болж авахын тулд л уншдаг. Сэтгэлийн хөдлөлөөр ханддаггүй. Ухаантай, хүчтэй, авьяастай хүн хэзээ ч бусдыг дууриадаггүй. Түүнтэй юу ярих юм. Санаандгүй нэг мөр давтагдах зүйл хаа сайгүй байдаг л даа. Харин дуурайгаад удаан амьдрахгүй ээ.

-Таны “Миний гунигийн түүх” нэртэй шинэ ном гарчээ?
-Уг нь ноднин бэлэн болсон юм, сая л хэвлүүллээ. Урьд нь ном гаргахдаа шүлэг хасахаараа харамсдаг байсан. Одоо бол харин чамбай ном болох нь гэж баярладаг болоод байгаа. Их ч хассан даа.

-Хавтасны зураг нь өлзий хээ юм аа, нэг харахад олон судалтай навч шиг ч юм уу?
-Навч шиг байна уу. Чи гоё харжээ. Зориуд өлзий хээ захиалж зуруулсан юм. АНУ-д амьдарч байгаа Д.Цолмон гэж зураачийн бүтээл. Гоё болсон байгаа биз.

-Та саяхан АНУ яваад ирсэн байх аа. Ямар ажлаар явав?
-Индианагийн их сургуулийн монгол судлалын төв, Айовогийн их сургуулийн олон улсын утга зохиолын хөтөлбөрийн урилгаар явсан юм. Тэнд яруу найргийн уншлага хийсэн. Хөтөлбөртөө оролцчихоод Америкийн зүүн эргийн найман хотоор аялсан. Мома-г үзсэн. Үзэх сэн гэж зургаан жилийн өмнөөс хүссэн болохоор энэ галерейд хөл тавихад үнэхээр сайхан байсан шүү. За, тэгээд номын дэлгүүрээр л сайхан хэсэх шив дээ.

No comments:

Post a Comment