Saturday, January 21, 2012

Миний явчихсан даруйд харамсах хүн олон ч цаг хугацаа бүхнийг мартуулна


-С.АНУДАРИЙН НУУЦЛАГ ЕРТӨНЦ-

                    “Миний зохиолын агуулга би өөрөө  юм” /М.Монтень/
Уран бүтээлч хүн нууцлаг хэвээрээ ертөнцийг орхин одох нь олонтаа байдаг. Тийм уран бүтээлч бол яруу найрагч С.Анударь бүлгээ. Анударийн далд ертөнцийг таних гэж олон хүн оролдсон боловч төгс таньсан нь үгүй билээ.
Яруу найрагч Д.Урианхай “Ард түмний мөнөөх оюуны харгислалын харанхуй шөнийг хага ярсан гэрэлт бамбар тэнгэрлэг хүн” гэж үнэлсэн бол философич О.Чимгээ “Би дипломын ажлыг нь удирдаж байсан юм. “Толгойтой” хүүхэд байсан. Амиа хорлосон гэдэгт одоо ч итгэдэггүй. Арай ч үгүй байх. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Хүн болгонд хавь орчин утгагүй санагдах үе таардаг шүү дээ. Зохиол бичдэг байсныг нь нас барсны нь дараа л мэдсэн” гэжээ.
Анударийн оньсого мэт үхэлд харамсаж олон шүлэгч харууслын шүлэг бичсэнээс эрхэм дүү Лувсандоржийн Өлзийтөгсийн шүлэг онцгой сэтгэгдэл төрүүлдэг юм.

Чамд миний тухай төсөөлөл төрвөөс


Жаахан хөвгүүн мэт элсэн дээр сараачин
Жаргах нарны дор удаан суунам, би
Үй олон тогоруу талын мандалд айсуй
Үүлэн өмсгөлийн хормой дэрвэлзсээр
Үзэх нүдний өмнө чи ирнэ
Уйтгарт сүүдэр минь хань болон бөгтийж
Улбар туяа мэт баларлаг санаа элсэн дээр үлдэнэ
Учралд нэрвүүлсэн харц өөдөөс ширтэх мэтэд
Учиргүй балмагтаж
Уран дүрийг арай урлан өндийтөл
Уруулын инээмсэглэл салхитай хамт одно
Чамд миний тухай төсөөлөл төрвөөс
Чимээгүй алсад гэрэлт үүлсийг ажин
Чин хайрын уянгат дуу аялаарай
Аглаг салхин өлмийд чинь унаж
Аяа, чи өөрийн инээмсэглэлээ олж танина

1991.08.13 Сайн-Уст

Яруу найрагч Дашдондовын Цогбадрах

Thursday, January 19, 2012

Дамдинсүрэнгийн Урианхай


Гунихруу талын элгэнд ганц шувуу эргэх нь ч уйлах шиг Гадаа жалгын эхэнд чөдөртэй морь үүрсэх нь уйлах шиг... Монголын яруу найрагт Дамдинсүрэнгийн Урианхай хэмээх нэгэн ертөнц бий. Хэлхгэр дээл өмсчихөөд, сахал үсээ цантуулан алхаж яваа нь Улаанбаатарын өвлийг чимдэг.